- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧИН, ТҮҮНИЙ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ АСУУДАЛ, ЦААШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1989 оны 6 сарын 15-ны өдөр
№ 17
Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧИН, ТҮҮНИЙ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ
ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ АСУУДАЛ, ЦААШИД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ
1.Байгаль орчин бол үндэсний баялаг, нийт ард түмний өмч учраас түүнийг хайрлаж хамгаалах, байгалийн баялгийн тэнцвэрт харьцааг алдагдуулахгүйгээр зөв зохистой, ухаалаг ашиглах, нөхөн сэргээж арвижуулах нь улс, олон нийт, хоршооллын бүх шатны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэн бүрийн улс, нийгмийн өмнө хүлээсэн үндсэн үүргийн нэг мөнийг заасугай.
2.Байгаль хамгаалах хууль тогтоомжийг хөдөлмөрчдөд сурталчлан таниулах, энэ чиглэлийн хууль, дүрэм зөрчих үйлдлээс урьдчилан сэргийлэх талаар хууль, хяналт, олон нийтийн байгууллагатай хамтран тодорхой ажил байнга зохиож байхыг нийт шүүхүүдэд даалгасугай.
3.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах тухай хуулийн заалт, шаардлагыг ноцтой зөрчиж ус, агаар бохирдуулан, ойн фонд, газрын хөрс, ургамал, ан амьтан болон байгалийн баялгийг илрүүлэн ашиглах ажиллагаанд хор хохирол учруулсан үйлдвэр, албан газар, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэдэд зохих хариуцлагыг ноогдуулж хохирлыг төлүүлж байхад гол анхаарлаа чиглүүлэн ажиллахыг бүх шатны шүүхэд үүрэг болгосугай.
4.Байгаль орчныг хамгаалах албаны буюу иргэнийхээ үүргийг биелүүлэх явцдаа байгаль орчин, түүний баялагт хохирол учруулсан гэмт этгээдийг шалгаж саатуулах, баривчлахын тулд хийсэн үйл ажиллагаа нь хуулийн дагуу зөв хийгдсэн бол гэм буруутай этгээдэд гэм хор учирсан байлаа ч халдлагын эсрэг зохих арга хэмжээ авсан хүнд хариуцлага хүлээлгэхгүй байж болно.
5.Албан тушаалтны хувьд олгогдсон эрх хэмжээгээ илтэд хэтрүүлж буюу урвуулж, эсхүл хариуцлагагүй хандаж байгалийн объектод ноцтой хор хохирол учруулсан байвал албан тушаалын гэмт хэргээр хариуцлага хүлээлгэж байх нь зүйтэй. Ийм тохиолдолд 7-р бүлэгт заасан гэмт хэргийн зүйл, хэсгийг давхар заах шаардлагагүй.
6.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг олборлох, ашиглах тухай хуулийн заалт, шаардлагыг зөрчих явдалтай шүүхээс хийх тэмцлийг хүчтэй болгож дараах заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт шүүхэд даалгасугай.
а/ байгаль хамгаалах хууль тогтоомжийг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх талаар шүүхээс зохиох ажлын арга хэлбэр, үр нөлөөг суйжруулж хэрэг, зөрчил нэг бүрийн хор холбогдлыг олон түмэнд сайтар ойлгуулж тодорхой хэрэг, зөрчлийн шалтгааныг арилгуулахад чиглэсэн энгийн /тусгай/ магадлалын агуулга, шаардлагыг дээшлүүлж түүний биелэлтийг газар дээш шалган дүгнэж байх;
б/ байгаль орчныг хамгаалах хуулийн заалтшаардлагыг зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн тухай материалыг шуурхай хянан шийдвэрлэж зохих байгууллага, албан тушаалтанд хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдэж байх журмыг мөрдлөг болгож ажиллах;
в/ байгаль орчин, түүний баялгийг зохистой ашиглах журам зөрчсөн гэмт хэргийг аль болох хэрэг гарсан газарт нь буюу хамт олны өмнө таслан шийдвэрлэж, шүүх хурлын хүмүүжүүлэх үр нөлөөг улам өндөржүүлэн хэрэг нэг бүрийн хор холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн сурталчлах ажлыг сайтар зохион байгуулах;
г/ тодорхой мэргэжил, тусгай мэдлэг шаардах хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ зохих мэргэжил /ургамал судлаач, байгаль хамгаалагч, ариун цэврийн эмч, газар зүйч гэх мэт/-ийн хүмүүсийг шинжээч мэргэжилтнээр оролцуулж ялангуяа учирсан хохирлыг зөв тогтоох талаар дүгнэлт гаргуулж байх;
д/ байгаль орчин, түүний баялгийг хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв хэрэглэж, гэм буруутай этгээд нэг бүрийг илрүүлэн гэм буруугийн нь хэр хэмжээнд ялыг тохируулж ялгамжтай оногдуулахын хамт улсад учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авч байх;
е/ онцгой хамгаалалт бүхий байгалийн объектод халдсан, дархан цаазтай /тахь, хулан, бөхөн, хавтгай, мазаалай гэх мэт/ ховор ан амьтан агнасан, ямар ч зорилгогүй хувийн зугаа болгож ховор ан амьтныг агнасан буюу олноор нь алж устгасан, албан тушаалынхаа эрх хэмжээг илтэд хэтрүүлэх буюу дураараа авирлан газрын хөрсийг хуулах, ой модыг устгах, гэмтээх, голын гольдрол эвдэх, гол мөрөн бохирдуулах замаар улсад их хэмжээний хохирол учруулсан, түүнчлэн байгаль хамгаалах албаны болон иргэнийхээ журамт үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүсийн амь биед халдсан этгээдэд оногдуулах ялыг сулруулахгүй байх;
ж/ эрхэлж байгаа ажил мэргэжил, албан тушаалын байдлаа ашиглан байгаль хамгаалах талаарх хууль тогтоомжийн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуульд зааснаар тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн буюу нэмэгдэл ялын хувьд хэрэглэж байх нь зүйтэй.
7.Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг зөв зүйлчлэн ангилах талаар дараах тайлбарыг баримталж ажиллахыг нийт шүүхэд заасугай:
Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан "их хэмжээ" гэдэгт недр, алт, бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчсөнөөс 1.5 сая төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг ойлгох нь зүйтэй (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).
Дээрх үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэдэг нь 550000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохиролтой байхыг шаардана (Энэ хэсэгт Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).
8.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ дараах журмыг биелүүлж ажилласугай.
а/ байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох нь гэмт үйлдлийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулах, хохирлыг бүрэн арилгуулах гол үндэслэл болно.
б/ гэмт хэргийн улмаас байгалийн объектод учруулсан хохирлыг нэхэмжлэл гарсан эсэхийг харгалзахгүйгээр мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллага өөрийн санаачилгаар төлүүлж байх үүрэгтэй.
в/ төлбөр хариуцагчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан гаргуулах төлбөрийг хорогдуулах зайлшгүй шаардлага байна гэж шүүх үзвэл энэ үндэслэлээ таслан шийдвэрлэх тогтоолд тодорхой заах хэрэгтэй. Харин дархан цаазтай ан амьтан агнасны төлбөрийг хуулиар тогтоосон хэмжээнээс хорогдуулж болохгүй.
г/ байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс албан байгууллага, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бол БНМАУ-ын иргэний хуулийн 13 дугаар бүлгийн аль тохирох зүйлээр төлбөр гаргуулна.
д/ ой, мод устгах, гэмтээх буюу хууль бусаар огтлох, зөвшөөрөлгүй ашигласнаас учруулсан хохирлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 22-р тогтоол, түүнийг биелүүлэх тухай Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1988 оны 7-р тогтоолыг баримтлан төлүүлнэ.
е/ хот, суурин газрын таримал мод, зүлэг, бут, сөөг, улсын ойн фондод үл хамаарах автомашины болон төмөр замын дагуух, түүнчлэн усан суваг, хөдөө аж ахуйн хамгаалалтын зориулалттай ойн зурвас, мод шугуйг устгасан буюу гэмтээсэн, огтолсноос учирсан хохирлыг балансын үнээр буюу дахин сэргээхэд гарсан зайлшгүй зардлын хэмжээгээр төлүүлнэ.
ж/ хууль бусаар ан хийх, загас барих, ховордсон ан амьтдын төрлийг устгах, ашиглах зэргээр учруулсан хохирлыг БНМАУ-ын ан агнуурын хуулийн 25-р зүйл, хууль бусаар агнасан ангийн олзворыг улсын бэлтгэлд тушаагаагүй бол хохирлыг мөн хуулийн 24-р зүйлд зааснаар арилгуулна.
з/ байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс учруулсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол түүнийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа, эсвэл хохирол учирсан газрын аль ч шүүхээр шийдвэрлэж болно.
9.Байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөнөөс болж учирсан хохирлыг арилгуулах талаар улс,хоршоолол, олон нийтийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргахын нийгэм эдийн засаг, хууль зүйн ач холбогдлыг олон түмэнд тайлбарлан таниулах ажлыг өргөн зохиож байвал зохино.
10.Байгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэлийн арга хэмжээний журмаар оногдуулсан торгуулийг үл зөвшөөрч гаргасан гомдол нь хүндэтгэх шалтгаантайгаар 10 хоногоос хэтэрсэн бол ИБШ хуулийн 86 дугаар зүйлийг баримтлан уг хугацааг сэргээж болно.
11.Байгаль хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөнөөс үүссэн эрүү, иргэний хэргийг анхан шатны шүүхээс хэрхэн зөв шийдвэрлэж байгаад тавих хяналтыг сайжруулж, илэрсэн зөрчил, гажуудлыг тухай бүр арилгаж энэ чиглэлээр шүүхийн практикийг судалж мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг бүх шатны шүүхийн шүүх коллегид үүрэг болгосугай.
12.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1979 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн "Байгаль хамгаалах хууль тогтоомжийг хэрэглэж байгаа шүүхийн практикийн тухай" 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
