legalinfo.mn систем дээр төлөвлөгөөт шинэчлэлтийн ажил 18:00 аас 22:00 цагийн хооронд хийгдэж байгаа тжл зарим цэсний үйл ажиллагаа, харагдац түр өөрчлөлт орж болзошгүй болно.

A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГААРЫН ЗАЙД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАЙД НИЙСЛЭГ ҮЙЛДЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь агаарын зайд агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн нислэгийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон байгууллага, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон байвал олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёо

Хэвлэх

1."Монгол Улсын агаарын зай" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээших агаарын орон зайг хэлнэ.

2."Агаарын хөлөг" гэж нисэх онгоц, нисдэг тэрэг, дирижабль зэрэг агаарт бие даан хөөрөх, шилжих хөдөлгөөн хийх чадвар бүхий нисэх хэрэгслийг хэлнэ.

3."Аэродром" гэж агаарын хөлгийг үйлчлэх, байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргууг хэлнэ.

4."Аэродромын орчмын нутаг дэвсгэр" гэж аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй байдлыг хангахх зайлшгүй шаардлагыг тооцсоны үндсэн дээр сонгож авсан тодорхой хэмжээний хуурай газар, усан газаргуу, орон зайг хэлнэ.

5."Нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолборыг хэлнэ.

6."Олон улсын нислэг" гэж Монгол Улсын хилийг эрх бүхий байгууллагаас тогтоосон агаарын хаалгаар нэвтэрч, олон улсын батлагдсан замын дагуу үйлдэх нислэгийг хэлнэ.

7."Байлдааны зориулалттай агаарын хөлөг" гэж дайны зориулалтаар ашиглахаар үйлдвэрлэсэн зэвсэг,галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон нисэх хэрэгслийг хэлнэ. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

1.Энэ хууль нь Монгол Улсын бүрэн эрхэд байгаа агаарын зайд нислэг үйлдэхтэй холбогдсон дараахь харилцааг хамааран үйлчилнэ:

1/өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын иргэний агаарын тээврийн бүх үйл ажиллагаа;

2/Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа буюу тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын бүх хөлгийн нислэг;

3/гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын агаарын хөлгийн нислэг.

2.Байлдааны зориулалттай агаарын хөлгөөр нислэг үйлдвэхэд энэ хууль болон түүнтэй нийцүүлэн Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас тогтоосон журмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Агаарын хөлөг, агаарын хөлгийн баг

5 дугаар зүйл.Агаарын хөлөг

Хэвлэх

1.Дараахь зориулалтаар ашиглах агаарын хөлгийг иргэний агаарын хөлөг гэж үзнэ:

1/зорчигч, тээш, ачаа, шуудан тээвэрлэх;

2/аж ахуйн болон байгаль орчныг хамгаалах;

3/хүн амд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, авран туслах ажиллагаа явуулах;

4/эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил явуулах;

5/сургалт болон бусад арга хэмжээ хэрэгжүүлэх;

6/агаараас газрын зураг авах. /Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.Иргэний хувийн өмчид байгаа агаарын хөлгийг иргэний агаарын хөлгийн нэгэн адил үзнэ.

3.Байлдааны зориулалттай агаарын хөлгийг иргэний агаарын хөлөгт тооцохгүй.

6 дугаар зүйл.Агаарын хөлгийн бүртгэл

Хэвлэх

1.Монгол Улсын төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суугаа харьяалалгүй хүн өөрийн өмчлөлд байгаа агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгүүлж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авна.

2.Гадаадын байгууллага, иргэний өмчлөлд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглахаар гэрээ байгуулсан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэж,үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгож болно.

3.Агаарын хөлгийг ашиглалтаас хассан, түүнчлэн тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй гадаадын байгууллагад болон Монгол Улсын харьяат бус бөгөөд тус улсад байнга оршин суудаггүй хүнд худалдсан, шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна.

4.Иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах ажиллагааг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

5.Байлдааны зориулалттай агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах ажиллагааг Монгол Улсын Батлан хамгаалах яам эрхлэн гүйцэтгэнэ.

7 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн баг

Хэвлэх

Монгол Улсын иргэний агаарын хөлгийн баг нь тухайн агаарын хөлгийн ашиглалтын зааврыг үндэслэн иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон бүрэлдэхүүнтэй байна.

Монгол Улсын иргэний агаарын хөлгийн багийн бүрэлдэхүүнд гадаад улсын иргэн байж болно.

8 дугаар зүйл.Агаарын хөлгийн даргын эрх хэмжээ

Хэвлэх

1.Агаарын хөлгийн дарга нь тухайн төрлийн агаарын хөлгийг бие даан жолоодох эрх бүхий нисгэгчийн мэргэжилтэй хүн байна.

2.Агаарын хөлгийн дарга нислэгийн бэлтгэлийг ханган, багийн бүх үйл ажиллагааг удирдаж, хөлгийн дотор дэг журам сахиулах, нислэгийн дүрэм, нислэгийн ашиглалтын зааврыг мөрдөх, хөлөгт байгаа хүмүүсийн амь нас, агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй.

3.Агаарын хөлгийн дарга хөлгийн аюулгүй байдлыг хангахын тулд дараахь эрх эдэлнэ:

1/агаарын хөлөг хөөргөх, буулгах, нислэг үйлдэх, нислэгийг үргэлжлүүлэхээс татгалзах, түүнчлэн агаарын хөлгийг аргагүйдэж буулгах талаар эцсийн шийдвэр гаргах;

2/нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөнийг удирдахбайгууллагын зааснаас өөр шийдвэр гаргах;

3/агаарын хөлгөөр зорчигчдод өөрийн эрх хэмжээний дагуу шаардлага тавих;

4/нислэгийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа гэмт этгээдийн үйлдлийг өөр аргаар зогсоох боломжгүй болсон тохиолдолд зөвшөөрөгдсөн төрлийн зэвсгийг тогтоосон журмын дагуу хэрэглэх. /Зэвсгийн төрөл, түүнийг хэрэглэх журмыг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий бусад байгууллагатай хамтран тогтооно/

4.Агаарын хөлгийг аргагүйдэж буулгасан тохиолдолд хөлгийн дарга өөрийн эрх мэдлээ бусдад шилжүүлэх хүртэл агаарын хөлөгт байгаа бүх хүмүүсийн үйл ажиллагааг удирдана.

9 дүгээр зүйл.Агаарын хөлгийн багийн бусад гишүүн

Хэвлэх

1.Агаарын хөлгийн багийн бусад гишүүн нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн тогтоосон бусад журмыг мөрдлөг болгон хөлгийн даргын шууд удирдлагын дор ажиллана.

2.Нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн зорчигчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн даргаас өгсөн үүргийг хөлгийн багийн бусад гишүүн заавал биелүүлнэ.

10 дугаар зүйл.Аюул учирсан тохиолдолд хөлгийн багийн хийх ажиллагаа

Хэвлэх

1.Агаарын хөлөгт аюул учирсан тохиолдолд агаарын хөлгийн баг нь хүмүүсийн амь нас, агаарын хөлгийг аврах боломжтой бүх арга хэмжээг авна.

2.Агаарын хөлөгт аюул учирсан тохиолдолд хөлгийн багийн гишүүд зорчигчдын амь насыг аврах бүх арга хэмжээ авсны дараа гарцаагүй байдалд хүрвэл хөлгөө орхиж болно.Агаарын хөлгийн дарга хамгийн сүүлд хөлгөө орхино.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Аэродром, нисэх буудал

11 дүгээр зүйл.Аэродром, нисэх буудал байгуулах

Хэвлэх

1.Төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн агаарын хөлөг ашиглах зорилгоор иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр аэродром, нисэх буудал байгуулж болно.

2.Төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өөрийн эзэмшилд байгаа аэродромыг улсын бүртгэлод бүртгүүлж гэрчилгээ авна.

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй аэродлромыг агаарын хөлгийн нислэгт ашиглахыг хориглоно.

3.Аэродром ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, түүнчлэн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах журмыг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

12 дугаар зүйл.Аэродромын орчмын нутаг дэвсгэрт барилга, байгууламж барихад тавигдах шаардлага

Хэвлэх

Аэродромын орчимын нутаг дэвсгэрт барилга, байгууламж барих, холбоо, өндөр хүчдэлийн шугам тавих, мал гэрийн тэжээвэр болон ан амьтдыг байрлуулахдаа иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцсон байна.

13 дугаар зүйл.Аэродромын аюулгүй байдлын дохио, тэмдэг тавих

Хэвлэх

1.Агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн баг чиг баримжаагаа тогтооход зориулсан аюулгүй байдлын дохио, тэмдгийг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын батальсан аэродром ашиглалтын дүрмийн дагуу аэродромд байрлуулна.

2.Аэродромын орчмын нутаг дэвсгэрт энэ зүйлийн 1-д заасандохио, тэмдэгтэй төсөөтэй зүйл байрлуулахыг хориглоно.

14 дүгээр зүйл.Барилга, байгууламж дээр аюулгүй байдлын дохио, тэмдэг тавих

Хэвлэх

Барилга, байгууламж өмчлөгч буюу эзэмшигч нь агаарын хөлгийн

нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг барилга, байгууламж

дээр аюулгүй байдлын дохио, тэмдгийг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нислэг, хөдөлгөөнийг удирдах дүрмийн дагуу өөрсдийн зардлаар тавина.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Агаарын хөлгийн нислэг

15 дугаар зүйл. Нислэг үйлдэх зөвшөөрөл

Хэвлэх

1.Агаарын хөлгийн баг нь агаарын хөлгийг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллагын баталсан техник ашиглалт, нислэг, хөдөлгөөнийг удирдах дүрэм, нислэгийн ашиглалтын зааврын шаардлагын дагуу нислэгт бэлтгэж, нислэг, хөдөлгөөнийг удирдах байгууллагаас нислэг үйлдэх зөвшөөрөл авна.

2.Нислэг үйлдэх агаарын хөлөг дараахь шаардлага хангасан байна:

1/үндэсний таних тэмдэг, бүртгэлийн дугаартай байх;

2/нислэгийн зохих нөхцөлд бэлтгэгдсэн тухайн төрлийн агаарын хөлгийг нисгэх эрх бүхий нисгэх багтай байх;

3/агаарын хөлгийг улсын бүртгэлийн гэрчилгээ, агаарын хөлөг нислэгт тэнцэх тухай үнэмлэх, хөлгийн дотоод бүртгэл, радио станцыг ашиглах зөвшөөрөл зэрэг агаарын хөлгийн баримт бичгийг бүрдүүлсэн байх.

3.Бүрэн бус бүрэлдэхүүнтэй агаарын хөлгийн багийг нислэгт гарахыг хориглоно.

16 дугаар зүйл.Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зохион байгуулах

Хэвлэх

1.Монгол Улсын агаарын зай, түүний тодорхой бүсэд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж удирдах үүргийг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

2.Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийг агаарын зам, шаардлагатай чиглэлийн дагуу үйлдэх бөгөөд тэдгээрийн өргөн, нислэг хоорондын аюулгүй зай, өндрийг нислэг, хөдөлгөөнийг удирдах дүрмийн дагуу зохицуулна.

3.Монгол Улсын олон улсын болон орон нутгийн агаарын зам нь агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд газрын холбоо, навигаийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

4.Олон улсын агаарын зам Монгол Улсын хилийг нэвтрэх агаарын хаалганы талаар Засгийн газрын эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна.

17 дугаар зүйл.Хот, суурингийн дээгүүр нислэг үйлдэх

Хэвлэх

1.Хот, суурингийн дээгүүр агаарын хөлгөөр нислэг үйлдэхдээ агаарын хөлөг гэмтсэн тохиолдолд хот, суурингийн нутаг дэвсгэрийн гадна буюу ойролцоох аэродромд буух боломжтой өндөрт гүйцэтгэнэ.

2.Хот, суурингийн дээгүүр агаарын хөлгөөр сургалтын болон үзүүлэх нислэг хийхийг хориглоно.

18 дугаар зүйл.Нислэгийн аюулгүй байдалд харш ажиллагааг хориглох

Хэвлэх

Монгол Улсын агаарын зайд буудлага, дэлбэрэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үшйл ажиллагаа явуулахдаа иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

Энэ заалт улсыг агаараас хамгаалах зорилгоор байлдааны пуужин харвахад хамаарахгүй.

19 дүгээр зүйл.Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах

Хэвлэх

Цаг уурын мэдээлэл эрхэлсэн байгууллагууд агаарын хөлгийн нислэгийг цаг уурын мэдээгээр тасралтгүй хангана.

20 дугаар зүйл.Нийтийн холбооны хэрэгсэл ашиглах

Хэвлэх

Агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдахад зориулсан холбооны суваг ашиглалтгүй болсон тохиолдолд нислэгийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн хөдөлгөөнийг удирдах хойшлуулшгүй ажиллагаатай холбогдсон мэдээллийг нийтийн холбооны бүх төрлийн хэрэгслээр тэргүүн ээлжинд саадгүй дамжуулна.

21 дүгээр зүйл.Агаарын хөлгийн зөрчлийг таслан зогсоох

Хэвлэх

1.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын хилийг нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ.

2.Иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөрчил гаргасан агаарын хөлгийн даргад зөрчлөө нэн даруй таслан зогсоох,эсвэл заасан газар хөлгөө буулгах шаардлага тавьж, энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

3.Зөрчил гаргасан агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах байгууллагын шаардлагыг биелүүлээгүй бол түүнийг албадан буулгана.

22 дугаар зүйл.Агаарын хөлөгт тусламж үзүүлэх

Хэвлэх

1.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг эрж хайх, авран туслах ажлыг эрх бүхий байгууллагаас тухайн агаарын хөлгийг эзэмшигч байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээ сэлтийг зохих байгууллагад нэн даруй мэдээлэх, хүмүүсийн амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.Ийнхүү тусламж үзүүлэх явцад гарсан зардлыг агаарын хөлөг эзэмшигчээр нөхөн төлүүлж болно.

3.Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг олдоогүй бол иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн хөлгийг сураггүй алга болсонд тооцно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Олон улсын нислэг

23 дугаар зүйл.Олон улсын нислэг үйлдэх

Хэвлэх

Монгол Улсын агаарын зайд тус улсын болон гадаад улсын агаарын хөлөг нислэг үйлдэхдээ Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актыг удирдлага болгоно.

24 дүгээр зүйл.Олон улсын нислэг үйлдэх зөвшөөрөл,даатгал

Хэвлэх

1.Монгол Улсын болон гадаад улсын агаарын хөлөг нь иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр олон улсын нислэг үйлдэнэ.

2.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлодэх гадаад улсын агаарын хөлөг нь гурав дахь этгээдэд учирч болзошгүй хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалтай байвал зохино.

3.Гадаад улсын агаарын тээврийн байгууллага нь Монгол Улсын агаарын зайд ололн улсын нислэг үйлдэхийн өмнө тухайн агаарын хөлгийн таних тэмдэг болон нислэгтэй холбогдох бусад мэдээллийг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

25 дугаар зүйл.Олон улсын агаарын зам, нисэх буудал

Хэвлэх

1.Монгол Улсын Засгийн газраас өөрөөр тогтоогоогүй бол гадаад улсын агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын зайд зөвхөн зөвшөөрөгдсөн олон улсын агаарын замаар нислэг үйлдэнэ.

2.Олон улсын агаарын зам болон олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудлын жагсаалтыг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, тэдгээрийн үндсэн үзүүлэлтийг аэро-навигацийн мэдээллийн лавлахад тусгасан байна.

3.Олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудал нь шалган нэвтрүүлэх боомжт, гааль, эрүүл ахуй, хорио цээрийн албатай байна.

26 дугаар зүйл.Агаарын хөлөг, Монгол Улсын хилийн агаарын хаалгаар нэвтрэн орох, гарах

Хэвлэх

Агаарын хөлөг Монгол Улсын хилийн агаарын хаалгаар нэвтрэн орох, гарахын өмнө иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас улсын хилээр нэвтрэн орох, гарах зөвшөөрөл авна.

27 дугаар зүйл.Гадаад улсын агаарын хөлгийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөх

Хэвлэх

Гадаад улсын агаарын хөлгийн баримт бичиг нь уг агаарын хөлгийг бүртгэсэн улсын хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэйд тооцно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Зорчигч, тээш, ачаа,шуудан тээвэрлэх

28 дугаар зүйл.Зорчигч, тээш, ачаа, шуудан тээвэрлэх зөвшөөрөл

Хэвлэх

1.Агаарын хөлөг эзэмшигч нь иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зорчигч, тээш, ачаа, шуудан тээвэрлэж болно.

2.Агаарын хөлгөөр тээвэр хийх нийтлэг журмыг иргэний агаарын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.Зэвсэгт хүчин, бусад цэрэгт байгаа иргэний агаарын хөлгийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориулалтаар ашиглаж болно. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

29 дүгээр зүйл.Зорчигчийн бие болон тээшинд үзлэг хийх

Хэвлэх

1.Нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зорчигчдын биед болон тэдний тээшинд агаарын хөлгийн эзэмшигч дангаараа буюу холбогдох байгууллагатай хамтран үзлэг хийж болно.

2.Зорчигч үзлэг хийлгэхээс татгалзвал тээвэрлэгч тээвэрлэх үүргээсээ татгалзах эрхтэй.

30 дугаар зүйл.Тээвэрлэгчийн хариуцлага

Хэвлэх

1.Тээвэрлэгч нь үйлчлүүлэгч байгууллага, иргэдийг нислэг, тээвэрлэлт, үйлчилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.

2.Тээвэрлэгч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас байгууллага, иргэдэд учруулсан хохирлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу нөхөн төлнө.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Хяналт, хариуцлага

31 дүгээр зүйл.Агаарын зайд нислэг үйлдэхэд тавих төрийн хяналт

Хэвлэх

Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ.

32 дугаар зүйл.Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль тогтоомж зөрчигчидхүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Агаарын зайд нислэг үйлдэх тухай хууль тогтоомжийг дараахь хэлбэрээр зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал зөрчлийн шинж байдлыг харгалзан нислэг, техникийн хяналтын улсын байцаагч нь иргэнийг 1000-50000, албан тушаалтныг 10000- 60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгоно; /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1/ашиглалтын шаардлага хангаагүй иргэний агаарын хөлөг, аэродромыг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашигласан;

2/улсын бүртгэлгүй аэродром, агаарын хөлөг нислэгт ашигласан;

3/аэродромын орчмын нутаг дэвсгэрт барилга, байгууламж барихад тавигдах шаардлага зөрчсөн;

4/аэродромын орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлын дохио, тэмдэгтэй төсөөтэй зүйл тавьсан;

5/агаарын хөлөгт галын аюулаас сэргийлэх талаар тогтоосон журам зөрчсөн;

6/агаарын хөлгийг нислэгт зохих бэлтгэл, зөвшөөрөлгүй гаргасан;

7/агаарын тээврийн байгууллагын үйл ажиллагаанд нийтлэг дагаж мөрдөх дүрэм зөрчсөн;

8/аэродромын тоног төхөөрөмж, нислэгийн аюулгүй байдлыг хангах дохио, тэмдэг болон агаарын хөлөг, түүний тоног төхөөрөмжийг гэмтээсэн, түүнчлэн аэродромын тусгайлан хамгаалсан нутаг дэвсгэрт мал, гэрийн тэжээвэр болон ан амьтан байрлуулсан, хамгаалалтын хашаа тор гэмтээсэн.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6,7-д заасан зөрчил гаргасан этгээдийн тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нислэг, техникийн хяналтын улсын байцаагч хасч болно.

3.Иргэний агаарын тээврийн байгууллагын албан тушаалтан сахилга, дэг журам зөрчих, үүрэгт ажилдаа алдаа гаргавал Монгол Улсын Засгийн газрын баталсан сахилгын дүрмийн дагуу сахилгын хариуцлага хүлээнэ.

33 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН БАГА

ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД